Sunday, April 29, 2012


Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын
 2010 оны 8 дугаар сарын 6 –ны өдрийн
361 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧИЙН  МЭДЛЭГ, ЧАДВАР, ТӨЛӨВШЛИЙГ ҮНЭЛЭХ, ДҮГНЭХ ЖУРАМ /энэ хавсралтад 2011 оны 118 дугаар тушааалаар орсон нэмэлт өөрчлөлтийг тусгав/

 Нэг. Нийтлэг үндэслэл
 1.1        Бага, суурь, бүрэн дунд боловсрол олгох бүх хэв шинжийн ерөнхий боловсролын сургууль (цаашид “сургууль” гэх)-ийн суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлж, дүгнэхэд энэхүү журмыг баримтална.
1.2        Суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийг сургалтын явцын үнэлгээ болон анги дэвших, бага, суурь, бүрэн дунд боловсролын төгсөлтийн шалгалтын үнэлгээгээр тус тус үнэлж дүгнэнэ.

1.3        Сургалтын явцын үнэлгээ нь нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр, анги дэвших шалгалт нь үндэсний сургалтын хөтөлбөр, төгсөх шалгалт нь бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартын хэрэгжилтийг тус тус үнэлэхэд чиглэнэ.   

1.4        Үнэлгээний зорилго нь суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлж, түүний үр дүнд үндэслэн сургалтын чанарыг сайжруулахад оршино.

1.5        Суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийн үнэлгээ нь боловсролын стандарт, сургалтын хөтөлбөр, сурах бичиг, сургалтын орчин, багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх сургалт, багшийн ажил, сургуулийн үйл ажиллагааг үнэлж, сайжруулах, боловсролын үр ашгийг тооцох үндэслэл болно.

Хоёр. Үнэлгээний зарчим

Суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлэхдээ дараах зарчмыг баримтална:

2.1       Боловсролын үнэлгээний стандартад нийцсэн байх;

2.2       Үнэлгээ шударга, бодитой байх;

2.3       Суралцагчийн хөгжлийн онцлогт тохирсон байх;

2.4       Суралцагчийн мэдлэг, чадварын өөрчлөлтийг үнэлэхэд чиглэсэн байх;

2.5       Суралцагчийг дэмжих, урамшуулах, хөгжүүлэхэд чиглэсэн байх;

2.6       Суралцагчийн үнэлгээ нууцлалтай байх;

Гурав. Үнэлгээний хэлбэр

       
   
3.1       Суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийг стандарт бус болон стандарт үнэлгээгээр үнэлнэ.

3.2       Стандарт бус үнэлгээ - суралцагчийн сурах хүсэл эрмэлзэл, сонирхлыг төрүүлсэн, урам хайрласан, идэвхижүүлсэн, зөвлөсөн аман үнэлгээ болон эзэмшсэн байх мэдлэг, чадвар, төлөвшлийн өөрчлөлтийг илэрхийлсэн тэмдэглэгээ байна.

3.3       Стандарт үнэлгээ - суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийн өөрчлөлтийг танин мэдэхүйн түвшинд нийцсэн шалгуураар үнэлж, гүйцэтгэлийг хувь болон үсгэн хэлбэрээр илэрхийлсэн үнэлгээ байна.

Дөрөв. Сургалтын явцын үнэлгээ, түүний арга хэлбэр

4.1    Тухайн хичээлийн сургалтын хөтөлбөрт үндэслэн нэгж хичээлийн сэдвийг боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага /цаашид “Боловсрол, соёлын газар” гэх/, нэгж хичээлийн сэдвийн хүрээнд эзэмших чадварыг сургуулийн заах аргын нэгдэл тус тус тогтооно.

4.2    I-III ангид суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийг хичээлийн явц болон жилийн эцэст тухайн хичээлийг заасан багш стандарт бус, III ангид анги дэвших шалгалтыг стандарт үнэлгээгээр үнэлнэ.

4.2.1       I-III ангийн суралцагчийн нэгж хичээлээр эзэмшвэл зохих чадвар тус бүрийг  үнэлнэ. Суралцагч тухайн чадварыг тогтоосон хугацаанд эзэмшсэн бол ”+” тэмдэглэгээг, тогтоосон  хугацаанаас хойш эзэмшсэн бол тухайн сар өдрийг “Багшийн журнал” (цаашид “журнал” гэх) -д бичнэ.

4.2.2       Журналд үндэслэн суралцагч бүрээр дүгнэлт гаргаж, энэ талаар эцэг эх, асран хамгаалагчдад улирал тутам мэдээлж, зөвлөгөө өгнө.

4.2.3       Суралцагч жилийн эцэст хичээл бүрээр эзэмшвэл зохих мэдлэг, чадварын 60 ба түүнээс дээш хувийг эзэмшсэн тохиолдолд тухайн хичээлийн хүлээгдэж буй үр дүнг хангасан гэж үзэж, “тооцов” үнэлгээ өгнө. Энэ нь жилийн эцсийн ерөнхий үнэлгээ болно.

4.2.4        I-III ангийн жилийн эцсийн ерөнхий үнэлгээг суралцагчийн хувийн хэрэг /цаашид “хувийн хэрэг” гэнэ/-ийн сурлагын үнэлгээний хэсэгт “тооцов” гэж бичнэ. III ангийн монгол хэл, математикийн анги дэвших шалгалтын үнэлгээг жилийн эцсийн ерөнхий үнэлгээнд тооцно.  

4.3       IV-XII ангийн суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийг стандарт үнэлгээгээр үнэлнэ.

4.3.1       Суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийг танин мэдэхүйн түвшний шалгуурт нийцсэн даалгавар гүйцэтгүүлэх замаар тухайн хичээлийн онцлогоос хамааран дараах арга, хэлбэрийг дангаар нь буюу хослуулан хэрэглэнэ.

Арга
Хэлбэр
Аман
Асуулт, хариулт, ярилцлага, мэтгэлцээн, шүүлэг, сэдэв хамгаалалт
Бичгийн
Хариулах, бодох, тооцоолох, эх зохиох, найруулан бичих, схем, диаграмм, график зурах, загвар боловсруулах үйлийг шаардсан хяналтын ажил, тест, илтгэл, реферат, тайлан, төсөл бичих
Практик
Лаборатори, дадлагын ажил, ажиглалт хийх, туршилт хийх, туршлага судлах, сурталчилгаа, судалгаа, төсөлд оролцох, биечлэн хийж гүйцэтгэх

4.3.2   Үнэлгээнд суралцагчийн өөрийн үнэлгээ болон үнэлгээний бусад аргуудыг энэхүү журмын 4.5-д заасан стандарт үнэлгээг өөрчлөхгүйгээр хэрэглэж болно.

4.3.3   Стандарт үнэлгээ нь дараах  түвшинтэй байна.  
Суралцагчийн мэдлэг, чадвар эзэмшилтийн түвшин
Үнэлгээ
Хувь
Дээд түвшин
“A”
90-100 хувь
Дунджаас дээгүүр түвшин
“B”
80-89   хувь
Дундаж түвшин
“C”
70-79   хувь
Дундаж түвшнээс доогуур боловч
стандартын шаардлага хангаж буй түвшин
“D”
60-69   хувь
Доод, хангалтгүй түвшин
“F”
0-59        хувь

4.3.4  IV-XII ангийн суралцагчийг нэгж хичээл, I хагас жил (2 дугаар улирлын эцэст), II хагас жил (4 дүгээр улирлын эцэст) болон жилийн эцэст тухайн хичээлийг заасан багш стандарт үнэлгээгээр  үнэлнэ. Үнэлгээг  журналд тэмдэглэнэ.

4.3.5  Тухайн  хичээлийн I, II хагас жилийн үнэлгээ нь нэгж хичээлүүдийн, жилийн эцсийн үнэлгээ нь I, II хагас жилийн үнэлгээний арифметик дундаж байна.

4.3.6  IV-XII ангиудад анги дэвших шалгалтгүй хичээлийн жилийн эцсийн үнэлгээг хувийн хэргийн сурлагын үнэлгээний хэсэгт бичнэ.

4.4       Нэгж хичээл, ээлжит хичээлийн явцад багш суралцагчдын сурах хүсэл эрмэлзэл, сонирхлыг төрүүлсэн, тэдэнд урам хайрласан, идэвхижүүлсэн, зөвлөсөн аман үнэлгээг хэрэглэж болно. Энэхүү үнэлгээг журналд бичихгүй.

4.5       Сургалтын явцад сургууль, Боловсрол, соёлын газраас хөндлөнгийн үнэлгээ хийх ба үнэлгээг журналд бичихгүй. Үнэлгээ хийх график, төлөвлөгөөг тухайн байгууллага хичээлийн жилийн эхэнд баталгаажуулан мөрдөнө. 

Тав. Анги дэвших шалгалт, түүний зохион байгуулалт

5.1       III анги ба түүнээс дээшхи ангийн суралцагчаас хичээлийн жилийн эцэст тогтоосон чиглэлээр шалгалт авч анги дэвшүүлнэ. Энэ шалгалт нь бага, суурь, бүрэн дунд боловсролын төгсөх ангид хамаарахгүй. 

5.2      Анги дэвших шалгалтын материалыг сургалтын хөтөлбөрт үндэслэн боловсруулах, хувилж, битүүмжилж хүргүүлэх, шалгалтын хуваарь гаргах, шалгалтын дэгийг тогтоох, шалгалтын дүнд дүн-шинжилгээ хийх, тестийн сан бүрдүүлэх ажлыг Боловсролын соёлын газар арга зүй, зөвлөмжөөр хангаж, сургууль хариуцан гүйцэтгэнэ.

5.3      Анги дэвших шалгалтын даалгаврын тохирц болон үнэн бодитой, баталгаатай байдлыг сургууль хариуцна.

5.4      Анги дэвших шалгалтыг зохион байгуулах, шалгалтын дүнд дүн-шинжилгээ хийх, шалгалтын мэдээ, материалыг түүнд хийсэн дүн-шинжилгээний хамт Боловсрол, соёлын газарт хүргүүлэх ажлыг сургуулийн захирлын тушаалаар томилогдсон анги дэвших шалгалтын комисс гүйцэтгэнэ.

5.5       Анги дэвших шалгалт нь дараах чиглэлтэй байна.

Боловсролын түвшин
Анги
Шалгалтын тоо
Шалгалтын агуулга
БАГА
I


II


III
2
1.   Монгол хэл
2.   Математик
IV
3
1.    Хүн-байгаль
2.    Хөгжим
3.    Дүрслэх урлаг
V
3
1.   Монгол хэл
2.   Математик
3.   Хүн-нийгэм
VI


СУУРЬ
VII
4
1.   Эрүүл мэнд
2.   Биеийн тамир
3.   Мэдээлэл зүй
4.   Технологи
VIII
4
1.   Орос хэл-гадаад хэл
2.   Түүх
3.   Биологи
4.   Газарзүй
IX


БҮРЭН ДУНД
X
4
1.   Уран зохиол
2.   Биологи
3.   Газарзүй
4.   Зураг зүй
XI
4
1.   Англи хэл
2.   Нийгмийн ухаан
3.   Физик
4.   Хими
XII



5.6      Анги дэвших шалгалтын арга зүй, төрөл, хэлбэр нь боловсролын стандартын түүний үзэл санаанд нийцсэн, уян хатан, олон хэлбэртэй, агуулга нь тухайн хичээлийн сургалтын хөтөлбөрөөр дэвшүүлсэн хүлээгдэж байгаа ерөнхий үр дүнг илрүүлэхүйц, агуулгын  тогтолцоог бүрэн хамарсан байна.

5.7       Улсын төрөлжсөн олимпиадын 2 болон 3-ын даваанд 1, 2, 3 дугаар байр эзэлсэн суралцагчаас тухайн хичээлээр нь анги дэвших шалгалт авахгүйгээр дээд түвшний үнэлгээ тавьж болно.

5.8       Суралцагч нь сургалтын төлөвлөгөөнд заасан цагийн 40 хувь ба түүнээс дээш цагийн сургалтад хүндэтгэх шалтгаан /өвчлөх, ар гэрийн гачигдал тохиолдох, улсын болон олон улсын чанартай уралдаан, тэмцээнд оролцох зэрэг/-ны улмаас /цаашид “хүндэтгэх шалтгаан” гэнэ/ хамрагдаагүй, энэ нь нотлогдсон тохиолдолд заавал эзэмших агуулгыг бие даан судалж анги дэвших шалгалтыг өгч болно.

5.9       Суралцагч нь хүндэтгэх шалтгаангүйгээр сургалтын төлөвлөгөөнд заасан цагийн 40 хувь ба түүнээс дээш цагийн сургалтад хамрагдаагүй тохиолдолд анги дэвших шалгалтад оруулахгүй, суралцагч тухайн ангидаа дахин суралцана.

5.10   Анги дэвших шалгалтад хангалтгүй үнэлгээ авсан суралцагчаас дахин шалгалт авах ажлыг шалгалтын дэгийн дагуу зохион байгуулна.

5.11   Хэрэв анги дэвших шалгалтад хоёр дахь удаагаа хангалтгүй үнэлгээ авбал тухайн суралцагчийг хангалтгүй суралцсан шалтгааныг тодруулсны үндсэн дээр тодорхой арга хэмжээ авч, анги дэвшүүлэн суралцуулах асуудлыг багш, суралцагч, эцэг эхийн зөвшилцөл, сургуулийн багш нарын зөвлөлийн хурлын дүгнэлтийг үндэслэн захирал шийдвэрлэнэ. 

5.12   Журмын 5.11-д заасан анги дэвших шалгалтад хоёр дахь удаагаа хангалтгүй үнэлгээ авсан суралцагчийг сургуулийн захирал анги дэвшүүлэн суралцуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд хангалтгүй үнэлгээг хувийн хэрэгт бичнэ.

5.13   Албан бус арга, хэлбэрээр суралцагчид ерөнхий боловсролын сургуулийн харгалзах ангийн анги дэвших шалгалт өгч болно. Шалгалтын дүнд үндэслэн тухайн суралцагчийг ерөнхий боловсролын сургуулийн зохих ангид дэвшүүлэн суралцуулна.

5.14   Анги дэвших шалгалтын үнэлгээ болон хичээлийн жилийн эцсийн үнэлгээний арифметик дунджаар тухайн хичээлийн жилийн эцсийн ерөнхий үнэлгээг гаргаж, журнал болон хувийн хэргийн сурлагын үнэлгээ хэсэгт бичнэ.

Зургаа. Төгсөх шалгалт, түүний зохион байгуулалт

6.1       Ерөнхий боловсролын сургуулийн болон дүйцсэн хөтөлбөрийн суралцагч нь бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшний төгсөлтийн ангид тогтоосон чиглэлээр төгсөх шалгалт өгнө.

6.2       Төгсөх шалгалтын материалыг бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартад үндэслэн боловсруулах, хувилах, битүүмжилж хүргүүлэх, шалгалтын хуваарь гаргах, шалгалтын дэгийг тогтоох, шалгалтын дүнд хяналт-шинжилгээ хийх, тестийн сан бүрдүүлэх ажлыг сургууль гүйцэтгэнэ.

6.3       6.3 Төгсөх шалгалтыг зохион байгуулах ажлыг сургуулийн захирлын тушаалаар   томилогдсон   төгсөх   шалгалтын   комисс,   шалгалтын   дүнд   хяналт-шинжилгээ хийх, шалгалтын мэдээ, материалыг түүнд хийсэн хяналт-шинжилгээний хамт Боловсролын үнэлгээний төвд хүргүүлэх ажлыг Боловсрол, соёлын газрын
даргын тушаалаар томилогдсон комисс гүйцэтгэнэ.

6.4       Бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшний төгсөх шалгалтыг дараах агуулгаар авна.

Боловсролын түвшин
Анги
Шалгалтын тоо
Шалгалтын агуулга
БАГА
VI
3
1.   Монгол хэл
2.   Математик
3.   Англи хэл
СУУРЬ
IX
4
1.   Монгол хэл, монгол бичиг /нэгдмэл агуулга/
2.   Математик
3.   Физик
4.   Хими
БҮРЭН ДУНД
XII
3
1.   Монгол хэл, уран зохиол /нэгдмэл агуулга/
2.   Математик
3.    Сонгосон агуулга /сонгон судалсан аль нэг хичээл/

6.5       Сургууль XII ангийн суралцагчийн төгсөх шалгалтын сонгосон агуулгын чиглэл, шалгуулагчийн тоог I хагас жилд багтаан Боловсрол, соёлын газарт, Боловсрол соёлын газар мэдээг нэгтгэн 2 дугаар сарын 15-ны дотор Боловсролын үнэлгээний төвд мэдээлнэ.  

6.6       Төгсөх шалгалтын агуулга, арга зүй, төрөл, хэлбэр нь бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартын үзэл санаанд нийцсэн байна. Шалгалтын даалгавар нь тухайн боловсролын чиглэл, агуулгын өвөрмөц онцлогийг тооцсон, шалгуулагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийг бодитой үнэлэхэд чиглэсэн байна.

6.7       Төгсөх шалгалтын даалгаврын тохирцыг болон үнэн бодитой, баталгаатай байдлыг сургууль хариуцна

6.8       Суралцагч төгсөх шалгалтыг хүндэтгэх шалтгааны улмаас өгч чадаагүй, шалтгаан нь нотлогдсон тохиолдолд хичээлийн жилийн эцсийн ерөнхий үнэлгээг төгсөх шалгалтын үнэлгээнд тооцно.

6.9       Шалгуулагчийн төгсгөх шалгалтын үнэлгээг хувийн хэрэг болон суурь, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, үнэмлэхийн “Төгсөлтийн шалгалт” хэсэгт бичиж тэмдэглэнэ.

6.10   Боловсрол, соёлын газар тухайн орон нутгийн сургуулийн төгсөх шалгалтын дүнд дүн-шинжилгээ, дүгнэлт хийж, сургалтын чанарыг сайжруулах арга замыг тодорхойлж, сургуульд үзүүлэх дэмжлэг, зөвлөн туслах, багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалт, семинарын чиглэлийг тогтоох ажлыг зохион байгуулна.

6.11   Боловсролын үнэлгээний төв жил бүр Боловсрол, соёлын газраас ирүүлсэн төгсөх шалгалтын үнэлгээг нэгтгэн бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартын хэрэгжилтийн дунджийг аймаг, нийслэл болон улсын түвшинд гаргаж яам, Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага (цаашид “Боловсролын хүрээлэн” гэх)-д хүргүүлнэ.

6.12   Журмын 6.11-т үндэслэн орон нутгийн боловсролын байгууллагад үзүүлэх дэмжлэг, шинэ хичээлийн жилийн зорилтыг тодорхойлох, багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалт, семинарын агуулга, чиглэлийг яам тогтооно.

Долоо. Суралцагчийн хөгжил, төлөвшлийн талаарх дүгнэлт

7.1    Суралцагчийн хөгжил, төлөвшлийн өөрчлөлтийн талаар сургалтын явцад журналын “Суралцагчийн хөгжил, төлөвшлийн талаарх тэмдэглэл” хэсэгт, хичээлийн жилийн эцэст хувийн хэргийн “Тодорхойлолт” хэсэгт анги удирдсан багш дараах чиглэлээр дүгнэлт бичнэ.

7.1.1  Суралцагчийн мэдлэг, чадварын өөрчлөлт, түүний шалтгаан
7.1.2  Хичээлээс гадуурх сургалтын үйл ажиллагаанд оролцсон байдал, түүний үр дүн
7.1.3  Суралцагчийн ололт, амжилт
7.1.4  Эрүүл мэндийн байдал
7.1.5  Анхаарах асуудал

7.2    Анги удирдсан багш жил бүр хувийн хэрэгт бичилт хийсний дараа суралцагчийн сурлагын үнэлгээ ба тодорхойлолтыг эцэг эх, асран хамгаалагч болон VII-XII ангийн суралцагчид танилцуулж гарын үсэг зуруулна. 

Найм. Бусад

8.1     Боловсролын хүрээлэн анги дэвших болон төгсөлтийн шалгалтын материал боловсруулах, зохион байгуулах ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавьж, зөвлөгөө өгнө.

8.2     Бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшний төгсөлтийн өмнөх ангийн суралцагчийн сурлагын амжилтын судалгааг яам, Боловсролын хүрээлэн дөрвөн жил тутам хийнэ.

8.3     Суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийн үнэлгээний талаарх мэдээллийг багш, суралцагч, эцэг эх нууцлал бүхий код ашиглан сургуулийн вэб сайтаар дамжуулан авах боломжийг сургууль бүрдүүлнэ.

8.4     Аливаа төрийн бус байгууллага яамны зөвшөөрөлгүйгээр суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлэх шалгалт авахыг хориглоно.



--- o0o ---

No comments:

Post a Comment